Popular Commentary of the Bible
Паул Кретзманн доктор 1924 он
Исаиа 53: Их Эзэний Зарцын зовлон шаналал.
Исаиагийн 52-р бүлгийн сүүлчийн ишлэлүүд ба 53-р бүлэг бүхлээрээ Их Эзэний Зарцын амссан зүйрлүүлшгүй доромжлолын дараа ялгуусан өргөмжлөлийн тухай өгүүлдэг.
Ишлэл 52:13 Үзэгтүн Миний зарц ухаалгаар шийднэ – Түүний үйлсийн цэцэглэлт нь энэхүү давшгүй уур хилэнд амжилттай үр дүнг авчирсан, Тэр ... хүндэтгэгдэн үлэмж магтана – ялгуусан хүч чадлын байр сууринд өргөмжлөгдөнө. Лютеран Библийн тайлбарлагчид Мессиагийн тухай 3 шатаар энэ ишлэлд тайлбарласан: Дахин амилалт, тэнгэрт очсон нь, Бурханы баруун гар талд заларсан нь.
Ишлэл 52:14. олон хүмүүс чамайг үзээд – гайхшрал болон үзэн ядалтаар дүүрсэн, Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас – Түүний бүхэл бие нь хүн тэсэж гарахын аргагүй зэрэмдэг болсон байсан. Тэрээр хүний оюун ухаанд багтахааргүй туйлын их зовлонтой байсан.
Ишлэл 52:15. Нөгөө талаар Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, – ус руу хүнд чулуу шидэхэд тал тал тийш цацардаг шиг бүх үндэстнүүд айн сандардаг, Түүнээс болж хаад амаа хамхина – сүүлчийн өдөрт Их Эзэний Боолын гэнэтийн ирэлтээр үг дуугүй болгогдоно, Мат 24, 30; Илч 6, 15, 16; Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно. Яагаад гэвэл тэд нар өөрсдөө боломжгүй гэж бодсон зүйл нь одоо биелэгдэж эхэлснийг харж байна. Одоо Исаиа танилцуулгын дүгнэлт өгсний дараа мэдээгээ илүү нарийвчлан тунхаглаж байна.
Ишлэл 53:1. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? – Хэн Эзэний мэдээ түгээгчид болон биднээс сонссон мэдээнд итгэдэг вэ? Эзэний мутар хэнд илэрхийлэгдсэн бэ? – Хүн төрөлхтөн төрөлхийн байдлаараа Бурханы бэлдсэн агуу гол авралын мэдээг сонирхдоггүй. Мэдээ нь үнэн хэрэгтээ хойшид хүрч сонсогдохын тулд Түүний нигүүлслийн ер бусын хүчээр хийгдсэн, гэвч ихэнх хүмүүсээс нуугдмал байсан. Мессиагийн зовлонгоор аврагдах авралын арга зам нь хүмүүсийн өөрсдийнх нь зөвт байдал, зүрх сэтгэлийн хий хоосон байдалд таалагддаггүй.
Ишлэл 53:2. Учир нь Тэр – Их Эзэний үйлчлэгч, Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан –Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга. – Израилийн сүнслэг зэлүүд, орхигдсон газрын дундаас үхсэн хожуул болсон Давидын үр удмаас “үхсэн хожуулаас шинэ мөчир хоромхон зуурт ургадаг шиг” Мессиа гарч ирсэн. Гэвч энэ онцгой чухал тохиолдол нь Израилийн хүүхдүүдэд бараг нөлөөлөөгүй. Учир нь Түүнд дур булаам дүр төрх байгаагүй. Жирийн хүний нүдэнд торох нэг ч зүйл Түүнд байгаагүй учраас Эзэний Боолыг тэд тоогоогүй.
Ишлэл 53:3. Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов – бүх хүмүүс Түүнийг орхисон. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн – энэ дэлхий дэх амьдралын өвчин, зовлон зүдүүрийг бүрэн мэдэрсэн; Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй. – хүмүүс Түүнийг үл ойшоон, хажуугаар нь өнгөрсөн. Тэр бүхэл амьдралынхаа турш хүмүүст жигшигдэн, үзэн ядагдаж, хаягдан гав ганцаараа үлдсэн. Хүмүүс бид бидний амьдралын зовлон шаналлыг хамгийн сайн мэддэг, бидний сул дорой байдлыг харж, зүрх нь шимширдэг ганц Хүнийг хаясан. Хүмүүс бид Түүнийг үл тоон өөр зам руу эргэж, Түүнийг үл ойшоосоор л байна.
Ишлэл 53:4. Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Бидний тээх ёстой өвчин шаналал, зовлон зүдүүрийг Тэр тээсэн;Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. – Тэрээр зовон шаналж бөхийсөн.
Ишлэл 53:5. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, Хүмүүс бид Бурханы мэлмийд гэмт хэрэг үйлдэж гэм буруутан болсон учраас Тэр хатгагдсан,бидний гэмийн (шударга бус байдал) төлөө бяцарчээ. – Бидний төлж баршгүй өрнөөс болж Тэр бяцарчээ; Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. - үгчилбэл “Түүний яс маханд шингэсэн шархаар бид эдгэрсэн.”
Ишлэл 53:6. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. – бид гэм нүгэлтнүүд, Бурхангүй байх үед, ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов. Хүн төрөлхтөн бүгд Түүнийг үл хайхран, орхин, үзэн ядаж байхад Тэрээр бидний өмнөөс гайхалтай ихээр санаа тавьж байсан. Онцолж хэлбэл “Гарцаагүй үнэн нь бидний уй гашууг Тэр тээж, бидний хүртэх ёстой зовлон шаналлыг бидний оронд Тэр үүрсэн”. Хүн төрөлхтөн бид бүгдээрээ өөрсдийнхөө зөвт байдалд сохорч, Түүнийг хараад “Бурхан Зовж байгаа Нэгэнийг цохиж, яллаж, зовоосон” гэж бодоход Тэр Өөр дээрээ бидний гэмт хэргээс гарсан шийтгэлийг болон шударга бус байдлаас гарсан гэм бурууг авсан. Бид хуулийг зөрчсөн, харин шийтгэл нь Түүн дээр буусан. Тэр бидний өрийг төлсөн. Бид Бурхантай энх тайвныг тогтоохын тулд Тэр бидний буруутгалыг Өөр дээрээ авсан. Бид бяцарч, яс махандаа шингэтэл зовох зохистой байсан шийтгэлийг бидэн дээр буулгахгүйн тулд, Тэр Өөр дээрээ авахыг зөвшөөрсөн. Бид өөрсдийн сохор болон дураараа байдалд төөрч, хүн бүр өөрсөддөө таалагдах хамгийн бузар муу зам руу эргэх үед Бурхан эдгээр гэмт хэргүүд ба бүхий л төрлийн бузар муу үйлсийг Түүн дээр тохов. Энэ нь Христ бидний төлөө зовж шаналсан гайхалтай мэдээ юм.
Ишлэл 53:7 Тэр тамлагдсан, - Түүнд ноцтой ширүүн хандсан, Тэр зовсон - Тэр сайн дураараа ачааг нуруун дээрээ үүрэхийн тулд Өөрийгөө бөхийлгөсөн; зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй. – Тэр огт эсэргүүцэж хашхираагүй.
Ишлэл 53:8 Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. – Түүнийг хүчээр, шүүхийн шийдвэрээр баривчилсан, Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? ... амьдын газраас таслагдсан - Түүний үеийнхнээс Түүнийг амьдын газраас булга татан авсан гэдгийг хэн ойлгосон бэ? Хариу нь: Яг үнэндээ хэн ч ойлгоогүй. Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, - шийтгэлийн хараал нь Түүн дээр буусан.
Ишлэл 53:9 Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Яагаад гэвэл Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй. Христ бол алагдахаар нядлагч руу хөтлөгдсөн жинхэнэ өргөлийн Хурга, мөн үг дуугүй хонь. Гэвч Тэрээр энэ дэлхийд зовохоор ирсэн зорилгодоо хүрсэн. Зовлон зүдгүүр болон шүүхийн шийдвэрт Есүсийг хүрэхэд үүний хүч нь эцэстээ барагдан, эцэж туйлдсан. Тэр үхлийг ялж эцэс төгсгөлгүй амьдралд хүрсэн. Мэдээж үүнийг гүйцэтгэхийн тулд Тэр амьдын газраас булга татагдсан. Тэр бидний төлөө дуулгавартай байхын тулд өргөл болсон учраас хүмүүс бидний гэмт хэргийн хараал зүхэл Түүн дээр буусан. Түүний үхлийнх нь яг тэр цаг мөчид Бурхан Эцэг нь Түүнийг цагаатгасан. Хүмүүс Түүнийг гэм нүгэлтэнтэй хамт оршуулахыг төлөвлөсөн; тэд Түүний хөлийг хугалж, Түүнтэй хамт цовдлогдсон гэмт хэрэгтэнд хандсан шиг Түүний биеийг гэмт хэрэгтнүүдэд ухсан нүх рүү хаях гэж байсан. Хэдий тийм ч Тэрээр нас бараад баян хүнтэй хамт, чинээлэг хөрөнгөтэй хүн Иосефын шинэ булшинд оршуулагдсан. Учир нь Тэр хүчирхийлээгүй бөгөөд Түүний аманд худал хуурмаг байгаагүй: Тэрээр Бурханы Ариун Нэгэн мөн.
Ишлэл 53:10 Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Тэр Түүнийг уй гашууд унагасан. Түүнд өвчин, уй гашууг тавьсан. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, - үгчилбэл, “Түүний сэтгэл хууль бус байдлын өргөл болон өргөгдөх байсан”, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно. Энд Бурханы гэм зэмгүй Боолдоо хандсаны нууц нь ил тод гарч байна. Бурхан Өөрөө Түүнийг зовлон шаналалтай, хөх няц болгосон; Тэр Бурханы тогтоосон зөвлөгөө болон урьдчилан мэдсэнээр хүн төрөлхтний өвчнийг үүрчээ. Зөвхөн Түүний сэтгэл, Түүний амьдрал нь хууль бус байдлын төлөө золиосын өргөл болж, Тэр сайн дураараа бууж өгснөөр төгс төгөлдөр золиос болсон. Гэхдээ одоо энэ нууцын сүр жавхлан ба үр жимс нь гарч ирж байна. Яагаад гэвэл Боол нь нас барснаараа Өөрийн үр удмаа үзсээр байна. Түүний үр удам нь Түүнд Сайн Мэдээний үр дүнгээр төрсөн сүнслэг хүүхдүүд юм. Тэр нас барснаараа Өөрийн өдрүүдээ уртасгасан ба нас барсан ч мөнхийн мөнхөд амьдарна! Тэр нас барсан ч одоо амьд байгаа бөгөөд тэнгэрлэг зорилгыг бий болгодог. Түүний хаанчлал дэлхий даяар Түүний хүчээр тархаж байна.
Ишлэл 53:11 Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Тэр сэтгэл ханамж болж, сэргэсэн. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно.
Ишлэл 53:12 Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Түүнд ихийг онооно. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Тэр эрх мэдлүүдийг захирна.Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл рүү асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан. Тэр өнөөдөр ч бидний Зууч хэвээр байна. Төлөөсийн ажил нь Боол Өөрийн нөхөн төлбөрийн ажилд болон Өөрийн сэтгэлийн шаналлын үр нөлөөнд сэтгэл ханамжтай бодлогоширлоор төгсдөг. Одоо Түүнийг мэдэх нь хүнийг зөвтгөдөг. Энэ нь юу вэ гэвэл Түүнийг Сайн Мэдээгээр ертөнцийн Аврагч гэж бид сурах юм. Тэрээр мэлмийдээ Өөрийн ажлаа бүхлээр нь харж байна: Түүний төлөөсийн ажлаар хүн төрөлхтөн хувь хүртэгчид болсон. Яагаад гэвэл Түүний гэм нүгэл үүрсэн нь бидний зөвтгөгдлийн үндэс суурь болсон юм. Тиймээс нь эш үзүүллэг нь Түүний байлдан дагуулалт болон ялгуусан ялалтаар төгсдөг. Эхлээд Бурхан Өөрийн Боолдоо зөвхөн ихийг оноосон төдийгүй, Бурханы хүч ба Түүний Боолын хүч ижил төвшинд тавигдсан. Дараа нь Бурхан хүмүүсийг цуглуулж дэлхийн эрх мэдлүүдийг ч гэсэн Өөрийн олзоо болгосон. Тэр нас барж, олны гэм нүглийг үүрсэн нь одоо биднийг Эцэгийн өмнө өмгөөлөх мөнхийн ажлын суурь болсон. Энэ нь Тэрээр бидний төлөө цаг үргэлж зуучлан залбирдгийн үндэс нь мөн. Дээрх нь Хуучин Гэрээний итгэгчдэд тунхагласан Христийн бидний төлөө гүйцэтгэсэн цагаатгалын ажил юм. Бид эдгээр зүйлс нь бүгд биелэгдсэн гэдгийг мэдэж байна.